Хүн ам зүйн мэдээллийг багтаасан нэгдсэн блог бий болгохыг зорьж байгаа учир зарим тохиолдолд зохиогчийн эрхэнд халдсан тохиолдол гарсан бол хүлцэл өчье. Эх сурвалжийн нэрийг дурьдсан болно.

Блогийн талаарх санал хүсэлтээ
davaanaa_0322@yahoo.com хаягаар илгээнэ үү. Таны илгээсэн мэдээлэл бидэнд үргэлж үнэ цэнэтэй байх болно.

Нүүр

Хүн амын сургалт судалгааны төвийн түүх

Хүн амын сургалт судалгааны төв нь 1990 онд МУИС-ийн ЭЗС-ийн бүрэлдэхүүнд "Хүн Амын Лаборатори" нэртэйгээр байгуулагдсан. 1992 оноос НYБ-ын Хүн Амын Сангийн санхүүжилт, техник тусламжтайгаар үйл ажиллагааныхаа хүрээг тэлж Хүн амын сургалт судалгааны төв (ХАССТ) болон зохион байгуулагдсан ба тэр үеэс хойшхи 20 орчим жилийн хугацаанд Монгол улс дахь Хүн ам ба хөгжлийн чиглэлээрх бие даасан мэргэжлийн сургалт, судалгааны төв болтлоо хөгжиж чадсан юм.
1991-1996 онд Монгол Улсын Засгийн газар, НYБ-ын Хүн Амын Сангийн хамтран хэрэгжүүлсэн анхны Yндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүн Амын Сургалт Судалгааны Төв байгуулах" төслийг, 1997-2001 оны хугацаанд хоёр дахь Yндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүн ам зүйн үзүүлэлтүүдийг хөгжлийн хөтөлбөрт тусгах нь" төсөлт ажлыг ЭМНХЯ-ны Стратеги, Удирдлага Төлөвлөлтийн Газартай хамтран амжилттай хэрэгжүүлэн үр дүнг хүлээлгэн өгсөн. 2002-2006 онд Yндэсний гурав дахь хөтөлбөрийн хүрээнд "Хүн Амын Сургалт Судалгааны Төвийн Хүн ам, Жендэр, Хөгжлийн асуудлаархи сургалт, судалгааны ажлын чадавхийг сайжруулах" нэртэй 5 жилийн төслийг Хүн ам, Хөгжлийн Стратеги дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэв.
Тус төв нь байгуулагдсан цагаасаа хойш дараах үндсэн зорилтуудад үйл ажиллагаагаа чиглүүлэн явуулж ирсэн. Yүнд:
  • "Эдийн засагч-Хүн ам зүйч" дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бакалавр, магистрын сургалт явуулах;
  • Yндэсний болон орон нутгийн засаг захиргааны хүн ам, хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд давтан сургалт зохион байгуулах, үндэсний судлаачдын ур чадварыг дээшлүүлэх, хүн ам, хөгжил, жендэрийн асуудлаар мэргэшсэн бүлгийн хүмүүст сургалт явуулах;
  • Хүн ам, нийгмийн асуудлаар бодлогын болон нийгмийн өргөн хүрээний судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэн Засгийн газрын болон бусад холбогдох байгууллагуудыг цаашдын бодлого, хөтөлбөрт шаардагдах мэдээллээр хангах;
Хүн ам, жендэр, хөгжлийн бодлого, төлөвлөлт боловсруулах, хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, бодлогын шинжилгээ гүйцэтгэх, судалгаа шинжилгээний ажил явуулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх.Сүүлийн жилүүдэд хүн ам, хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, олон нийтэд зориулсан ухуулга сурталчилгааны ажилд төвийн багш, судлаачид төдийгүй оюутнууд нэлээд идэвхтэй оролцож байна.
ХАССТ нь орчин үеийн программ хангамж бүхий иж бүрэн тоноглогдсон бие даасан компьютерийн лаборатори, хүн ам, хөгжил, статистикийн чиглэлээр төрөлжсөн 4000 гаруй ном, сэтгүүл бүхий бие даасан номын сантай. Номын сан нь төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжилтэн, судлаачид, улсын болон хувийн их, дээд сургуулиудын багш, судлаач, оюутнуудад нээлттэй үйлчилгээ үзүүлж байна.
Тус төв нь төрийн болон төрийн бус байгууллагууд, НYБ-Хүн амын Сан, НYБ-ын Хөгжлийн Хөтөлбөр НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны байгууллага, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Хүн ам Судлалын Шинжлэх Ухааны Олон Улсын Холбоо зэрэг олон улсын байгууллагууд, гадаадын их дээд сургуулиудын холбогдох салбаруудтай өргөн хүрээний нягт хамтын ажиллагаатай ажиллаж байгаа билээ.
Суралцагсад маань хүн амын болон статистик шинжилгээний компьютерийн орчин үеийн программ хангамжийг эзэмшиж, нийгэм, эдийн засгийн чиглэлээр олон улсын жишигт нийцэхүйц судалгаа шинжилгээ хийх ур чадварыг эзэмшиж байна. Олон улсын зөвлөх, сайн дурын ажилтнуудаар хичээл заалгах өргөн боломжийг бид оюутнууддаа олгож, Англи хэлнийх нь мэдлэгийг дээшлүүлэхэд онцгой анхаарч байна. Төвийн хамт олон өнгөрсөн хугацаанд хүн ам зүй, хүн ам судлалын чиглэлээр 25, хүн ам, хөгжил, жендерийн чиглэлээр 8, шилжих хөдөлгөөн, хотжилтын чиглэлээр 5, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр 6, судалгааны арга зүйн чиглэлээр 5, эрүүл мэндийн чиглэлээр 11, хүн амын бодлого хууль эрх зүйн чиглэлээр 3, нийтдээ 60 гаруй судалгаа, эрдэм шинжилгээний тайлан, ном сурах бичиг, сэтгүүл хэвлүүлээд байна. Уг төвд өнөөдөр доктор 3, ахлах багш 1, магистр багш 2 ажиллаж байна.
Тус төв 1994 оноос хойш Эдийн засагч-Хүн ам зүйч мэргэжлээр нийтдээ 100 гаруй дээд мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэн төгсгөлөө. Төгсөгчдийн 75 орчим хувь нь мэргэжлээрээ тогтвортой ажиллах ажлын байртай болсон. Гэсэн хэдий ч орон нутагт хүн ам зүйч мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ асар өндөр байгаа юм. Өнөөдөр улсын хэмжээнд хүн ам зүйч мэргэжлийн боловсон хүчнийг тус төв дангаараа бэлтгэн гаргаж байна.